2020 оны 07 сарын 1

COVID-19 гарсантай холбогдуулан манай төвийн үйл ажиллагаа зогссон боловч бид гэр бүл, хүүхдүүддээ өөрсдийн үйлчилгээнүүдээ цахим хэлбэрт шилжүүлэн та бүхэндээ хүргэж байгааг мэдэгдсэн билээ. Тэр дундаа 3 бяцхан тоорой сансар огторгуйд аялсан нь жүжгээ Skygo.mn, Skymedia болон Univision дээр тавьж үзэгч хүүхдүүддээ улам ойртсоныг дуулгахад таатай байна. Уг жүжиг нь 3 бяцхан тоорой жүжгийн үргэлжлэл бөгөөд Бамбүү театрын маань хамгийн анхны өөрсдийн санаачлалаар туурвисан жүжиг ба өмнөх жүжгийн адил хүүхдийн оролцоотой бөгөөд сансар гариг ертөнцийн талаар хүүхдүүдийн мэдлэгийг тэлэх шинэлэг санаатай уран бүтээл юм. Тус жүжгийг үзсэнээр хүүхдүүд:

  • Эв нэгдэл бүхнээс хүчтэй гэдгийг ойлгоно.
  • Бие биетэйгээ харилцах, хүндлэх соёлд суралцана.
  • Гэр бүлийн үнэ цэнэ, утга учир ямар чухал болохыг ойлгоно.
  • Муу хүн гэж байхгүй харин муу үйлдэл гэж байдаг гэдгийг таньж мэднэ.

Аав ээжүүдээ хүүхдүүддээ гэртээ, хөдөө, лагерт хаана ч байсан шинэлэг, ухаарал хайрласан, нүдийг нээсэн жүжгийг үзүүлээрэй.